Thursday, December 17, 2009

Монголын Хөлбөмбөгийн Холбоо I хэсэг

Орчин үед улс орны хөгжлийн нэг ангилал нь яах аргагүй спорт болоод байгаа гэдэгт хэн ч маргахгүй. Ялангуяа хөлбөмбөг бүр онцгой нөлөөтэй. 2006 онд Германд болсон Хөлбөмбөгийн Дэлхийн аварга үүнийг батлах мэт. Нэг сарын турш дэлхийн нүд чих алаг бөмбөг дээр төвлөрч байхад бид ч яаж дутахав, очиж үзээгүй орныхоо далбааг нүүрэндээ зуруулчихсан, өөртэй нь ямар ч хамаагүй тамирчдыг балиашиглаж, өмнөөс нь уйлж харамсаж байх нь нэг талаар сайхан ч, нөгөө талаар эмгэнэлтэй. Хэдий болтол харийн улсыг дэмжиж явах билээ. Би Монголын шигшээ багийг Дэлхийн аваргад тоглосонгүй гэж хэлэх гэж байгаа юм биш, тэгж зүрхлэх ч үгүй.

Харин бид өнөөдрийг болтол Америкийн цэргийн бааз Гуам, Хятадын зугаа цэнгэлийн хот Макаотой ривал (өрсөлдөгчид)-ууд болоод явж байх юм. Ядаж тусгаар тогтносон албан ёсоор дэлхийд “хүлээн зөвшөөрөгдсөн” улс хожиж үзмээр байна.

Олимпийн Их наадмыг үзэгч, өрсөлдөөн, мөнгө санхүү, нэр хүнд, телевизийн шууд дамжуулах эрх, гишүүн орон гээд бүхий л төрлөөр хол хаядаг Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ - FIFA) хөлбөмбөгийн хөгжил нь удааширалтай, зогсонги, улсаас нь харж үздэггүй, санхүүгийн болон эд материалын эх үүсвэр багатай орнуудад ихээхэн хаялагтай байдаг. Удирдлага нь зөв менежмент бодлого явуулж чадвал хөгжихөд тийм ч хэцүү биш гэдгийг Ангол, Ардчилсан Конго, Сальвадор, Гвадэлуп, Малави, Того зэрэг улсаас харж болно. Манай улс 1998 оноос хойш Зүүн Ази (EAFF), Ази (AFF), Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд нэгдсэнээр Монгол руу орж ирэх мөнгөн болон эд материалын тусламж бороо шиг л цутгасан юм. Гэхдээ энэ талаар хөлбөмбөгчид нь ч өөрсдөө саяханыг хүртэл мэддэггүй байсан нь харамсалтай.

“ Гоол” төсөл

ОУХБХ ядуу буурай орнууддаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Гоол” төслийг 100 гаруй оронд хэрэгжүүлж ирсэний нэг нь манай улс болж , 2001-10-29-ны өдөр Монголд дэлхийн стандартын шаардлага хангасан хиймэл зүлэгтэй цэнгэлдэх хүрээлэн барьж өгөх төсөл батлагдаж 450 000 мянган ам.доллар эхний ээлжинд орж ирэв (http://www.fifa.com/associations/association=mng/goalprogramme/newsid=521600.html эндээс харна уу). Нарийн бичиг Б.Ганболд “Таван цагариг” сонины 2001-09-26-ны өдрийн № 324-т өгсөн ярилцлагадаа “Бидэнд 40 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж өгнө, нээлтийн үйл ажиллагаанд Пэлэ, Марадона, Платини, Круйфф нар ирж оролцоно, Англиас 3000 ам.долларын цалинтай 2 дасгалжуулагч ирж, бүх зардалыг ОУХБХ-ноос хариуцна” гэж хэлж билээ. Гэтэл одоо баригдчихсан байгаа нь 40 000 биш 4 000 хүний ч багтаамжгүй байгаа нь ам ажил хоёрын тэнгэр газар шиг зөрөөг харуулж байна. Төслийн дараагийн санхүүжилт 2004-09-22 онд батлагдаж 400 000 ам.доллар орж ирлээ. (http://www.fifa.com/associations/association=mng/goalprogramme/newsid=521604.html эндээс харна уу). Гоол төслийн хүрээнд орж ирсэн эд материалын зүйлсийг дурьдвал үүнээс их тоо гарна. Үндсэн хөлбөмбөгөө дагаад футзал, эмэгтэйчүүд, элсний хөлбөмбөгийн төрлүүд орж ирдгийн эхнийх 5000 хүний багтаамжтай Футзалны битүү дээвэртэй ордоны төсөл 2007-03-21-нд батлагдаж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. (http://www.fifa.com/associations/association=mng/goalprogramme/newsid=533126.html эндээс харна уу). Дээрх мөнгөн дүн (нийт 1.850.000 ам.доллар) зөвхөн албан ёсоор FIFA.com дээр тавигдсан байна. Үүнээс гадна хичнээн их мөнгөн урсгал орж ирдэг гэж бодно. Жил бүр Ази, Зүүн Ази, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Герман, Өмнөд Солонгос, Японоос бэлэг дурсгал, видео кассет, бөмбөг, хувцас хэрэглэл, тэтгэмж тасрахгүй. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамман жилд 250 000 долларыг танай оронд хөлбөмбөг хөгжүүлэхэд (зөвхөн АХБХ-ноос) зориулан өгдөг гэж ногоон талбайн нээлтэнд ирэхдээ хэлж байсан билээ. Тэмцээний шагналд үргэлж гадны тусламжаар ирсэн бэлгийг өгнө. Анх санхүүгийн эх үүсвэр байхгүй гээд МХБХ-ныхон гаднаас цалинждаг байлаа. Бөмбөг, хувцас, хэрэглэл, сургалт семинар, тэмцээний шагнал, түрээсийн мөнгө, гадагшаа явах тэмцээний зардал гээд биднээс юу ч гарахгүй байсаар байтал тэр их мөнгө хаашаа хэний гараар алга болоод урсаад байна вэ?

Монголын удирдлагууд спортоо Топ-4 гэж ялгасны “ачаар” бусад спорт нь хаягдсан. Монголын Олимпт ордог чөлөөт бөх, бокс, жудо бөхийн холбоонд өөрсдийн гэх ордон байхгүй. Спортын төв ордондоо л байрлаж улсаар тэтгүүлдэг. Хөлбөмбөг бол юу ч дутагдсан бариад л, байгуулаад л, батлаад л өгдөг бараг 100 хувь гаднаас санхүүждэг ганц холбоо.

Монголчуудын хамгийн их үздэг спорт юу вэ?

Хөлбөмбөг яалт ч үгүй тэргүүлэх нь ойлгомжтой. Бөх, бокс гээд амжилт гаргадаг төрлүүдээс Монгол тамирчдаа л харна уу гэхээс бусдыг нь тоож үзэх ч үгүй. Хөлбөмбөгийн тамирчдыг харин ч нэг ёоз ёозоор нь хэлэх байлгүй. Хувцсыг нь ч төрөл бүрээр нь өмссөн хүүхдүүдийг зунжин л хардаг биз. Интэрнэтээр спортын худалдаа хийхэд хөлбөмбөгийн өмсгөл, бөмбөг, пүүз, гарын үсэг, бэлэг дурсгалын зүйлсийг манайхан хамгийн ихээр захиалсан байх юм. Хэд хоногийн өмнө 4 дэх удаагийн нээлтээ хийсэн Дуулиан -2020 тэмцээнд 239 багийн 2868 тамирчин оролцож байна (МХБХ-ноос биш Их Талын Дуулиан ТББ-ын зохион байгуулж буй тэмцээн). Монголд ийм олон хүүхэд зөвхөн Улаанбаатараас оролцож байгаа нь улсын хэмжээний ямарч тэмцээнийг бараа сураггуй хол хаяна. Хөлбөмбөгийн Улсын аварга хаана нь ч хүрэхгүй. Бүхий л телевиз хөлбөмбөгийн тоглолтуудыг оргил цагаараа гаргахыг зорих болов. Хөлбөмбөг үзүүлдэг үйлчилгээнийн газар, төрөл бүрийн номын тоо борооний дараах мөөг шиг олширч, спортын суваг нь гарахаа больсон Сүпэр Вижн телевизийн утасны хонх эвдрэх нь холгүй байна.

Дэлхийн II дайны дараах тусгаар тогтносон улсуудын Үндэсний спорт нь хөлбөмбөг болж байлаа. Япончууд сүмо, бэйсболтойгоо эн зэрэгцүүлэх болов. Удахгүй нэг номерийн спорт нь болно. Учир нь1990 онд Наран улсынхан хөлбөмбөг гэж бараг сонсоо ч үгүй байсан юм чинь. Солонгос киноны одууд хөлбөмбөгчидтэй суух нь сүүлийн жилүүдэд эрс өссөн нь Европыг санагдуулам. Олон ч улс, үндэсний спортоо хөлбөмбөгт “алдаж” байсан. Үнэхээр ард олныхон дийлэнх хувь нь сонирхоод үзээд байхад арга байж уу. Одоо манайд яг энэ давалгаа орж ирж байна. Тиймээс Монголд хөлбөмбөг хөгжихөд ямар ч бэрхшээл алга. Үзэгчдийн сонирхол, мэдлэг өндөр түвшинд очсон ч хөлбөмбөг хөгжихгүй байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоотой асуудал салшгүй холбоотой.

Үргэлжлэл бий
Read more »

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.