Thursday, January 21, 2010

"Хайртай л бол болоо" гэж vv?

Би чамдаа маш их хайртай, тэгээд л болоо. Бидэнд єєр юу ч хэрэггvй.
Олон олон залуус бие биедээ дурлаж, хайр сэтгэлдээ мансууран жаргаж,
бахдан биширч байхдаа ингэж хэлдэг, бас ингэж л боддог. Харин гэрлэж, хамтран амьдарч эхэлснээс нэлээд хугацааны дараа, єєр хоорондоо муудалцан зєрчилдєж, тэр ч бvv хэл салж сарних дээрээ хvрэхдээ, "хайр гэдэг чинь ер нь юу юм бэ?" хэмээн єєрєєсєє асууна. Орчноо ажих ахул, єєртэй нь зовлон шаналал ижил олон хvмvvсийг мэдрэхдээ "за даа бvгд л адил байх юм даа"

хэмээн хувь заяатайгаа эвлэрэх нь бий. Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуай нэгэнтээ "энэ хорвоод сайхан хайр гэж байдаг юм шvv, тvvнийг олбол алдаж болдоггvй юм" гэж хэлсэн vгийг хvн болгон мэдэх авч, чухам сайхан хайраа хэрхэн бий болгохоо тэр болгон мэдэхгvй. Энэ талаар залууст хэн ч хэлж сануулахгvй болохоор, єєрийн мэдрэмж, хэр хэмжээгээрээ л амьдралдаа ханддаг. Зарим нь хичээж тэвчиж, ухаарч ойлгож байж сайхан хайраа бий болгож чадна. Харин зарим нь гал халуунаар дvрэлзэж асан тэр их хайр нь хаана хэзээ хєрч орхисныг, сэтгэлд нь бялхаж цалгиж асан тэр дvvрэн хайр нь хаана хэзээ асгарч дундарч орхисныг ойлгож ядан гайхаширна.

Нээрээ энэ амьдралд бие биедээ хайртай л бол болоо гэж vv?

Зєрчилдєєн хэрvvл гэдэг...
Бие биедээ дурлаж, хайрласан хосууд дурлалын бал бурмыг амталж, нэгэн гэртээ орж, аз жаргал хайр энхрийллээр бялхаж, цалгиж эхэлснээс багагvй хугацааны дараа зєрчилдєж эхэлдэг. Хvvхэд ахуй цагаасаа олж авсан хvмvvжил, дадал хэвшил, итгэл vнэмшлийн зєрчилдєєн.

...Єглєє босоод ороо хураахгvй байх, хоолоо идээд аяга тавгаа хурааж, угаахгvй байх, тайлсан хувцсаа эвхэж тавихгvй байх, онгойлгосон хаалгаа хаахгvй байх, за тэгээд хурхирах, хэрхрэх, цэгцгvй байх гээд, болзож уулзах мєчдєє анзаарч мэдэх аргагvй олон сул талуудыг ажиглан мэдэрнэ. Анхандаа тоглоом шоглоомоор бие биедээ сануулавч, єєрийнхєєрєє байх хvсэл, єєрийгєє зєвтгєх ємєєрєл, эрхлэх, хvндлvvлэх, давуу байдлаа хадгалах хvсэл, оролдлогын улмаас маргаан болон даамжирдаг.

Аядуухан эхэлсэн маргаан аажим аажмаар хэрvvл болон хувирах нь олонтаа. Гэр бvлийн маргаанд ялагч байдаггvй тоглоомын дvрмээр, уурын мунхагаар, бие биеэ давж гарах хvслээр хэлсэн муу vг болгон, сэтгэл зvрхийг "шархлуулна". Маргалдаж мэтгэлцэх vедээ, бие биенээ давж дийлэх хvслээр, бодлогогvй болгоомжгvй хэлсэн муу, мунхаг vгнийхээ тєлєє харамсахгvйгээр барахгvй "энэ минь надад хайртай юм чинь гомдохгvй ээ " гэж єєрийгєє "тайвшруулах ".

Дараа нь эвлэрч, бие биенээ уучилж, тэврэлдэн эрхлэвч, тэрхэн хоромд хэлсэн муу vг нь цээжний гvнд "хєндvvрлэх ". Олон олон маргаанд хосууд, ихэвчлэн бие биенийхээ эмзэг газар нь "дарж ", гутааж, доош нь "хийж ", ялалт байгуулахыг оролддог. Анх танилцан, хайрлаж дурлах тэр мєчдєє итгэж ярьсан бvхнийг, бvтээгvй дэврvvн хvсэл мєрєєдлийг, тоглоом шоглоомын завсар хєгжилдєн ярьсан бvхнийг, энэ vедээ "хєндєх нь " сэтгэл санааг илvv "хиртээнэ". "Хог новш ", "єєдгvй амьтан ", "арчаагvй гуйлгачин " гэдэг бvдvvлэг vгнvvдээс илvvтэй "за чи надтай танилцахдаа хэн ч биш л байсан ", "чи ч хоосон мєрєєдлєєс юу ч vгvй амьтан ", "чиний мундаг гэж хаа байсан юм бэ?" гэх хэллэгvvд илvv хvндээр тусдаг.

Энэ бvхэн яг л бууны сум шиг зvрхийг "онож ", сэтгэлийг "vхvvлж ", итгэл урмыг "хугалж ", хайр сэтгэлийг "хєргєдєг " гэдгийг бид анзаардаггvй. Мунхаг муу vг гэдэг зvрх сэтгэлийн "шарх " бас "шаналгаа" байдаг аж.

Хэрэлдэж маргалдсаны дараа хэчнээн ичгvvртэй хэцvv байвч, нvд нvдээ харж суугаад чин сэтгэлээсээ ярилцаж, ойлголцож, бие биенээ уучилж, энэ vйлдлээ дахин давтахгvй байх нь "сайхан хайр "-ын эхлэл. Дараагийн удаа хичээж тэвчин єнгєрєєж, тэр нэгэн цагийн шаналлаа дахин амсахгvйг хичээх нь, хэрvvл маргаан багасан багассаар, бие биенээ ойлгож хvндлэхэд дєхєм болгодог аж.

Бахархал бишрэл алдагдах гэдэг...
Биднийг дээд сургуульд суралцаж ахуй цагт, манай ангийн нэгэн хєвvvн, дурласан охиныхоо тухай vргэлж л бидэнд магтан ярьдаг байлаа. Тvvний ярианаас, дурласан охин нь яг л "vлгэрийн гvнж " мэтээр бидэнд тєсєєлєгдєж, тэр гайхамшигт гvнжийг олж харахыг хvсэж, тvvнээс гуйна. Нэгэн удаа тэрээр найз охиноо бидэнд харуулахаар болж, болзсон газраа биднийг "нуув ". Алсаас болзоондоо яаран ирж яваа хєдєєний бололтой бор охиныг харсан нэгэн маань "єє, энэ чинь жирийн л нэг бор охин байна шvv дээ " хэмээн дуу алдахад, мєнєєх найз маань "чи миний нvдээр хар л даа " гэж чин сэтгэлээсээ бухимдан уурлаж билээ.

Бараг онигоо болтлоо яригдсан "миний нvдээр хар л даа" гэдэг хэллэг, дурласан хvний зvрхнээс гарч байгаа "уулга алдалт "байдгийг тэр vед л анзаарсан сан.

Залуус бие биедээ дурлаж байхдаа, бие биенээ vлгэрийн "гvнж ", "ханхvv " болгон тєсєєлж, яг л тvvн лугаа хувирган хардаг. "Тvvнээс минь єєр гайхамшигт нэгэн энэ ертєнцєд vгvй" хэмээн зvрх сэтгэл нь тvvнд итгvvлэн "шивнэнэ". Энэ vе тvvнд юутай ч зvйрлэшгvй гайхамшигтай мэт санагдах vе бий. Бусад анд нєхєд нь тvvнийг "харалган ", "сохор ", "тэнэг " гэж шоолж байвч, тvvнийг чин сэтгэлээсээ анзаарах нь vгvй. Дурласан хvний нvд сэтгэл, тvvнээс бусдыг олж харахаа больтол тэмvvлэн догдлох нь буй.

Болзож уулзах богино хоромд, дурласан нvд сэтгэл, олон зvйлийг анзаардаггvй. Зvрх сэтгэлд нь гайхамшигт симфони "эгшиглэж ", vvлтэй тэнгэр ч "цэлмэг ", vзvvртэй модод ч "цэцэгсээр дvvрэн" байхад, єєр юу хэрэгтэй гэж?

Харин гэрлэж хамтран амьдрах цагаасаа багагvй хугацааны дараа, vлгэрийн "гvнж ", "ханхvv" нь ердийн нэгэн болохыг мэдэрч эхэлнэ. Тэд гэр цэвэрлэж, ороо хурааж, хvvхдээ хуурайлж, хогоо асгаж, хоолоо хийж, аяга тавгаа угаах агшинд олон сул талууд илэрч , бас ч зєрчилдєнє. Чи тvvнд дурлаж буй ахуйдаа, сэтгэл зvрх тань бишрэл бахдалаар дvvрч байсан гайхамшигт чанаруудаа хэвээр vлдээхэд багагvй ухаан тэвчээр хэрэгтэй байдаг аж. Єчvvхэн алдаа бvрт анх олж харсан "гайхамшгаа "тохуурхал, доромжлол болгон дуудах нь, хайр сэтгэл хєрч дундрахын нэгэн шалтаг. Анх олж харсан, мэдэрч дурласан тэр гайхамшигт чанар нь цаг vргэлж усалж тордож байх учиртай гоёмсог "цэцэг ". Тvvнийгээ урам талархлын vгээр байнга "усалж "тордож байвал, улам ч гоёмсог сайхнаараа байж бусдад ч сайхан харагддаг. Харин тохуурхал, доромжлолын муу vгээр хатааж байвал, улам улмаар гандаж, унаж vгvй болно.

Єєрийн хайртай хvнээрээ "гоёж ", тvvгээрээ бахархаж, тvvнийгээ ямагт "тордож " байх нь энэ амьдралын бас нэгэн гайхамшиг юм.

Бие биенээсээ илvv байх гэдэг...
Монгол гэрийн тооныг 2 багана тулдаг. Аль нэгэн багана нь хазайвал, тооно нь хазайж, гэрийн хэлбэр, тэгш хэм нь алдагддаг. Тvvн лугаа адил, эхнэр нєхєр 2 єрх гэрийн хос багана. Тэд тооноо адил тэгш тулж байж л, тооно тэгш байж, єрх гэр зєв тэгш харагдана.

Харин гэр бvл болсон хосуудын нэгэн зєрчилдєєн, нэг нь нєгєєгєєсєє илvv байх гэдэг хvслээс vvддэг. Бусдын ємнє хэн нэг нь нєгєєгєєсєє илvv гэдгээ харуулах гэсэн мунхаг хvсэл, оролдлого л єрх гэрийн тооныг ганхуулдаг. Ийм мунхаг хvсэл оролдлого нь, бусдын дэргэд бие биенээ дарамтлан, "эвгvй байдалд " оруулах, анд нєхдийн ємнє шоолж "гутаах ", аав ээж, ах дvvсийн ємнє "сvрийг vзvvлэх ", "тєрхмєє vзээд бараан дээр гарах " гэхчилэн олон "шог vзэгдэл "-ийг бий болгоно. Бие биенээ vзэн ядах хэрнээ, бусдын ємнє "Ромео Жульетта " болж тоглох "драм " ч бас бий.

Харамсалтай нь гэр бvлийг гаднаас ажих хэн ч, хэн нэгний давуу дарангуйллыг бус, адил тэгш харьцаа хvндлэлийг л таашаадаг. Ямагт бие биенээ хvндэлж, яг л эрх тэгш харьцаж, єрєєл бусдын ємнє жvжиг тавилгvй, єєр єєрсдийн зангаар байна гэдэг их л ухаан тэвчээрийн илрэл болдог аж. Хоёрхон биеэрээ байж, бие биенээсээ илvv гаралгvй адил тэгш байж чадна гэдэг, єрх гэрийн тулгуур багана тэгш байхын vлгэр буюу. Амьдралын тєлєє хамтдаа зvтгэж, алив бvхнээ хамтдаа шийдэж, ав адилхан л хєдєлмєрлєж, ав адилхан л мэдэж байх нь адил тэгш байхын vндэс гэнэ.

Итгэж найдах гэдэг...
Монголчууд бид гэрлэсэн л бол бие биенээ єєрийн ємч гэж vздэг базаахгvй зуршилтай. Тийм болохоор vг яриаг нь цэнэж, vйл хєдлєлийг нь хянаж, алхаж гишгэхийг нь хорьж, ажиллаж, амрах бvрд нь хардаж "зовооно ".

"Хэлэмгий хvн сурамгай " гэдэгчлэн, єєрєє бусдыг "хормойдож " явсан бол єрєєл бусдыг яг л адил мэт "сэтгэнэ ". Хол байгаа нэгнээ хуурч мэхэлж байгаа байх хэмээн єєрийгєє шаналган зовооно. Хувцсан дээр наалдсан хялгас vс болгон "учиртай " мэт, хэлж ярьж буй vг бvхэн нь "хуурамч " мэт, аяглаж аашилж буй vйлдэл бvхэн нь "гэмтэй " мэт, алхаа гишгээ нь хvртэл "янхан " мэт санагдаж єєрийгєє тєдийгvй, єрєєл нэгнээ зовоох. Ийм айл, хэзээ мєдгvй асгарах аадар мэт "бараан ", хэт цахих тєдийд буух аянга мэт "тvгшvvртэй ", алдаж унагах мєчид хагарах шаазан шиг "хэврэг ", алдаж онох бvрд нэхэх хэрvvл шаналал "дvvрэн ".
Хэлж буй vг, хийж буй vйлдэл бvрийг нь цаг ямагт далдаас хянаж чадахгvйгээс хойш, итгэж, итгэл дааж амьдрахаас єєр сонголт vгvй. "Тэр минь наддаа маш их хайртай болохоор, намайгаа хуурч гомдоохыг хvсэхгvй " гэдэг итгэл л, итгэлийг даах ухаан л, хоосон хардлагын зовлонгоос аварна. Бие биедээ итгэж чадахгvй байнга хардаж, хардуулж амьдрахаас илvv "там " гэж vгvй.

"Хайртай бол хартай " бус "Хайртай бол итгэлтэй " байж гэмээ нь амьдрал тань тайван. Харин итгэлийг эвдэх гэдэг энэ л амьдралыг бутраадаг. Бутарсан амьдралыг эвлvvлэх гэдэг хагарсан шаазанг эвлvvлэн наах лугаа адил. Нэгэнт алдагдсан итгэлийг эргvvлж олох гэдэг амаргvй. Чухам vvнд л ухаан тэвчээрийн чагтага оршдог гэнэм. Эргvvлж олохгvй алдарсан итгэлээс, салж холдсон нь илvv амар байж болох. Эс тэгвээс "хариугаа авах " хvсэл, хорсол хамаг амьдралыг бvр л гутааж орхино.

Залхаж уйдах гэдэг...
Vргэлж зєрчилдєн маргалдаж, анх олж харсан гайхамшиг нь гутамшиг болон хувирч, илvv дарангуйлагч байх хvсэл нь дарамт болон хувирч, итгэл алдарч сэтгэл мохохын цагт бие биенээсээ залхаж уйдан, vзэн ядах болдог. "Нэг л олдох амьдрал шvv дээ " гэж єєртєє хэлэвч, нэгэнт тасарсан хайр, итгэл, хvндэтгэлийг буцааж залгах амаргvй. Яг энэ мєчид "єшєє хорсол " авах хvсэл нь олон хvнийг буруу зvйл рvv хєтєлдєг.

Саяхан сэтгvvлч Г.Золжаргалын хийсэн "Эр хvний нулимс " нэртэй баримтат кинонд , архинд орсон олон олон эрчvvд, амьдралаа, эхнэрээ буруутгаж байхыг vзсэн. Амьдралаа дааж авч явж чадаагvй байж, хоймортоо суун хvндлvvлэх тухай хэрхэн ярьж болох билээ. Архинаас vvдэлтэй цєхрєл шаналлын тєлєє эхнэрийнх нь зовлон багадаагvй. Єнєєдєр олон олон гэр бvлvvд архинаас, хардалтаас, худал хуурмагаас, арчаагvй залхуугаас, дарамт шаналгаанаас болж салж байгаа нь vнэн.

Vргэлж нэг зvйлээс болж, хэрvvл хийн, дарамтлаад байвал, залхаж уйдах гэдэг хvмvvний л араншин. Тэр л цагт эмтэрч хагарсан гангар шаазан, эвэндээ орж шинэ болно гэж vгvй. Хэрvvл, дарамтыг тэвчиж дийлэхгvйгээс олон олон хvмvvс архинд орж, гутарч гуниж л яваа. Шаазан аягыг эмтэрч хагалахгvйгээр авч явна гэдэг их л ухаан тэвчээр шаарддаг аж.

Тєгсгєл
"Би чамд хайртай" гэдэг vгийг хvн болгонд хэлж болдоггvйтэй адил, "хайртай л бол болоо " гэж энэхэн амьдралд хандаж болдоггvй юм. Нэгэнтээ миний бие "хайр хvндэтгэл итгэл " єгvvлэлдээ энэ тухай бас хєндсєн.

Бие биедээ дурлаж хайрлах vедээ анх олж харж мэдэрсэн, бахархал гайхамшиг тань "хvндэтгэл " болж, хожмын амьдралдаа хос багана адил тvшиг болон, бие биедээ итгэж байх нь энэ л амьдралын утга учир. Харин энэ бvхнийг хэрхэн хамгаалж, бэхжvvлэх нь єєр хэний ч бус зєвхєн та 2-ын ухаан тэвчээрийн хэмжvvр.

Хайрын бэлэг сарнай цэцгийг єдєр бvр усалж, арчилж тордож байх лугаа адил, хайр сэтгэлээ єдєр болгон энхрий сайхан vгсээр урамшуулж, биширч бaхадсан гайхамшигт чанарыг нь магтаал урмын vгээр байнга тэтгэж, тооно тулсан хос багана лугаа, адил тэгш байж, бие биедээ ямагт итгэж байх нь, сайхан хайрын шимт хєрс.

Єглєє бvр ажилдаа явахдаа бие биенээ чин сэтгэлийн хайраар vнсэж, єдєр ажил дээрээ бие биенээ санан мєрєєдєж, vдэш гэртээ яаран тэмvvлж ирэх нь энэ амьдралын баяр баясгалан. Бид ажил амьдралын нугачаанд алжааж ядран, vvртэж бухимдахдаа, энэхэн дэлхийд нэг л ирээд буцдаг гэдгээ тэр болгон санадаггvй. Энэхэн хоромд бие биенээ хайрлан халамжлахаас илvv жaргал vгvй. Харин хайртай байхаас, тэвчээр ухаан их хэрэг болох аж. Хvсээд бий болгож чадвал сайхан хайр єєр хаана ч биш, яг дэргэд чинь байгаа. Хайрын бурхан та нарыг ивээг.
Read more »

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.