Saturday, November 21, 2009

Эмч нар нь хаяад зугтсан галзуугийн эмнэлэг мэт Монголын төр

Өчигдрөөс эхлээд болгоомжтой байх хэрэгтэй боллоо. Гудамжинд алхаж явтал гэнэт цагдаа барьж аваад шанагатай аарц ам руу цутгаж мэдэх нь. Өгч байгаа аарц нь ус ихтэй байж магадгүй ч уухгүй гэвэл буудаж мэдэх тул том том балгах хэрэгтэй. Арайхийж өнөөхийг нь уугаад дуустал "за хүлээж бай одоо чацарганы шүүс ирж яваа " гээд тавихгүй бол яана аа. А хүрээний томуугаас сэргийлэхийн тулд иргэдэд аарц, чацаргана долоо хоногийн турш үнэгүй уулгаж гийгүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Тэгээд энэ гажигтай ажиллагаандаа 960 сая төгрөг зарцуулах гэнэ.
Тэд татвар төлөгчдийн мөнгийг "Увс хүнс" компани болон орон нутгийн ченжүүдэд тарааж өгөх гэнэ дээ. Ийм мэргэн шийдвэрийг бусад орон яагаад даган дууриахгүй байгаа юм бол. Аарц, чацаргана үнэгүй уугаад гахайн томуугаас аврагддаг бол тэр Америк, Мескик манай улсаас бушуухан аарц, чацаргана худалдаж аваад иргэддээ уулгаасай. Түүнээс нь Сангийн сайд мөнгө олж алдагдал зааж буй төсвийнхөө цоорхойг нөхөх хэрэгтэй гэдгийг мэддэггүй юм байх даа...

Хүн ер нь бага зэргийн сэтгэл мэдрэлийн өвчтэй байж болдог гэж байгаа. "Тэнэг хүний дуугүй нь сүртэй" гэдэг шиг аль болохоор түүнийгээ нууж олонтой газар хичээж явбал зүгээр баймаар. Гэтэл манай улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрхэм гишүүд "жаахан юм"-тайгаа нуух нь битгий хэл олон нийтэд зарлаж тэнэгээрээ гайхуулах нь ичмээр. Сэтгэц нь хэвийн бус ийм олон хүн нэг дор байгаа нь яг л галзуугийн эмнэлэг мэт санагдах боллоо. Гэхдээ галзуугийн эмнэлгийн өвчтнүүдийг эмч нар нь барьж аваад номхруулах цамц өмсгөх эсвэл унтуулдаг тариа хийж орхидог. Тэгээд л гүйцээ. Галзуурлын үе нь дуусч нийгэмд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй. Харин УИХ бол үүнээс өөр. Эмч нар нь хаалга үүдээ дэлгэж орхиод хаяад зугтаачихсан учраас дураараа галзуурч юу дуртайгаа хийж болох галзуугийн эмнэлэг мэт байсаар удлаа. Үгүй бод л доо. Ямаа уг нь өвс иддэг байлаа. Гэтэл мөнгө иддэг болов. Ямаанд худлаа хэлсэндээ санаа зовсон Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгөнөөс ямааны хувийг тэрбум тэрбумаар нь гаргаж совесьтоо үзүүлэв. Өмнөговь аймгаас сонгогдсон нэг гишүүн шинэ төрсөн ботго болгонд мөнгө амласанаар ингэ хээлтүүлэх ажиллагаа говийн гурван аймгаар өрнөж ат гуйж хадаг барьсан авгай хүүхнүүд элсэн дундуур хөшилдөв. Сувдан ээмэг санжигануулсан сайхан хүүхэн сайд болж гангарав. Томуугийн талаар асууж хоргоосон сэтгүүлчдийг өөрийгөө эргүүлж байдаг шалиг харчуултай эндүүрч "Сүржигнээд бай" хэмээн тас намжирдтал 15 хүн нас барж 15 айл уй гашууд автлаа. Саар өвчин гарахад сайхан хүүхний хэрэг байдаггүй гэдгийг амьдрал ийнхүү нотлов.

УИХ-ын гишүүд нь хууль хэлэлцэх ажлынхаа хажуугаар зам барина. Цоорхой хууль баталдаг шигээ цоорхой зам тавьж түмнийхээ үйлийг үзэж, аргыг нь барна. Бас бүгдээрээ хэрэгтэй хэрэггүй лиценз эзэмшинэ. Оюутолгой Тавантолгойн сургаар түүнийгээ эргэлтэд оруулчих санаатай Эрдэс баялгийн сайдыг хормойдно. Өнөөх нь аваад хартал хананд зүүдэг плакат барьчихсан явсан ч гэнэ. Зайлуул хөөрхийд лиценз гээд хэн нэг нь дамлачихсан байж. Зарим нь бүр өөрөө ч мэдээгүй суутал лицензтэй болсоноо гайхаж "За нэгэнт олчихсон юмыг эргүүлээд өгөлтэй нь биш, шингээчихье" гэж зүтгэнэ. Хөөрхийг Элчин сайдаар томилоход өнөөх улс нь галзуугийн сайн эмч олох гэж сандарсан гэсэн. Сайд асан төрдөө вагон шахна. Нэг ширхэг нь 280 мянган ам.долларын үнэтэй төмөр хайрцгийг тус бүрийг нь сая доллараар шахаж "цэнгэн" жаргана.

Хувьдаа ломбардтай, тэр байтугай хувьдаа намтай, бүр хөдөлгөөн холбоотой гишүүд бас бий. Ломбардтай нь өөрийгөө банктай гэж эндүүрдэг бол намтай нь өөрийгөө Ерөнхий сайд боллоо гэж зүүдэлнэ. Тэгээд түүндээ итгэчихээд ломбардаараа далайлган сайд болж, намаараа хуйвалдан төр эргүүлэх гэж эндүүрнэ. Боловсролын сайд нь хувийнхаа оюутны холбооноосоо өөртөө зориулан "Оюутны төлбөрийг багасага" гэсэн шаардлага төлөвлүүлж авна. Тэгээд нээрээ тийм шаардлага ирсэн мэт "Оюутны төлбөрийг хөнгөлнө хө" гээд задгай цагаан хатирч өгнө. Түүний ах галзуу нь бас нэгэн цагт ТЕГ-ыг гал тогооныхоо өрөөтэйгөө (ГТӨ) андуураад эхнэрээ оруулаад суулгачихсан байсан гэдэг.

Богд ууланд аялал жуулчлал татах зорилгоор инженерийн шугам сүлжээ оруулж цогцолбор барих гэтэл эндүүрээд орон сууцны хороолол барьчихсан гэж байгаа. Тэнд нь өөрсдөө нүүж ороод амьдарчихсан хойноо андуураад барьчихсан гэдгээ мэдсэн гэдэг. Тэгээд бамбарын аавын нэрэн дээр Батлан хамгаалахын сайдын нэрийг залгасан нөхрийн өмнө УИХ-ын Байнгын хороо хүчгүйдэж аргаа барахдаа "За за бүгдээрээ Монгол улсад жуулчилж байгаа юм чинь" гээд өнгөрсөн. Ийм л дэн дун нөхдүүд УИХ-д сонгогдчихоод өөрсдөдөө зориулж 500, 500 сая төгрөг цохуулж авна. Өдгөө ямар ч хувийн компанийн захирал өөрөө өөрийнхөө компаниас мөнгө цохож авах зүрх зориг байхгүй дээ. Гэтэл түмний мөнгөнөөс хэтэвчээ зузаалдаг гишүүд 76 ширхэг байна шүү. Тэд бас манлай уяач, алдарт уяач гэсэн элдэв гуншинд дуртай. Хөлдөө ороолдсон урт дээл өмсчихөөд жанжин малгайныхаа орой дээр бөө аятай том толь хадаж галзуурна. Энэ ч яамай. Одоо бүр бие биенээ танихаа байсан тул цул мөнгөн дээр алтан үсгээр "УИХ-ын гишүүн" гэсэн тэмдэг хийж зүүж байгаа гэсэн. Тэр тэмдгээр нь нэг галзуу нь нөгөө галзуугаа таньж байх учиртай гэнэ. Шоронгийн хоригдлууд хүртэл ижилхэн эрээн хувцас өмсөхөө байсан цагт УИХ-ын гишүүд им тэмдгээрээ ижилсэж байгаа нь тэнэг хүн тэмдэгэнд дуртай гэсэн үгийг үнэн болохыг нотолно. Яваандаа тэд хонь ямаа шиг чихэндээ им зүүж мэдэх вий. Эсвэл арьсан дор нь долгион цацагч суулгаж өгдөг юм билүү. Ард түмэн рүү ойртоод ирмэгц нь, гадны улсын хилээр орох үед нь өнөөх нь донгинож байвал зүгээр ч юм шиг. За тэгээд Хэнтий аймагт урсан ядаж байгаа Хэрлэн голыг хаа байсан Дорноговь руу татна гэж нэг дүвчигнэхэд нөгөө нь "Хэрлэн голоо хэрчүүлэхгүй шүү, түй май" гээд хэрэлдэж гарна. Хэн тэр голыг нь хэрчиж аваачаад хаа байсан Дорноговь руу урсгах гэж суухав дээ. Гэтэл бас урьд өмнө нь шүүгч байсан нэг нь зөвхөн гадаадынханд зориулсан хаалттай, гадуураа өргөст тортой, гаднаа хуягтай шорон шахуу казино байгуулна гэнэ. Нээрээ л байгуулчих гэж байгаа юм шиг нөгөө нь босч ирээд нударга зангидна. Ёстой л өөрсдөдөө таарсан юм ярьж түүнийгээ эсэргүүцэн энэ мэтийн адал явдалт ший дэглэж гарна. Заримдаа хошин шогийнхон ажилгүй болж Б.Цэнддоог фальтеон бичих сэдэвгүй болтол нь галзуурцгаана. Гэтэл бас нэг сонин юм ажиглагдлаа. Энэ галзуучуудаа гаднаас нь хараад атаархдаг, тэдэн дотор орж өвчнөө сэдрээхийг хүсдэг галзуучууд байна, хөөе. Найрын дуу дуулаад явдаг залууг гайгүй юм байх гэсэн чинь "жаахан юм"-тай гэдгээ харуулж өгөв. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдсон Д.Загджавын залуу халаа Занданбат гэгч нөхөр иргэн бүрт 30 сая төгрөг өгнө гэж амлаад сонгогдох биш хөөгдөв. Араас нь Сумьяабазар гээч бөх метро барьж өгнө гэж галзуурдаг байгаа. Гэтэл хөөрхийгийн буруу биш аж. Нийслэлийн Засаг дарга байсан нэг галзуу тийм юм ярьсныг нь дууриасан нь тэр байж. Галзуучууд дотроо олон янз учраас дууриадаг галзуу нь арай хөнгөн хэлбэртээ тооцогдох байлгүй дээ. Иймэрхүү галзуугийн үйлдэл бүхнийг тоочоод байвал өөрөө ч галзуурч мэдэх тул ингээд орхилоо. Эмч нар нь зугтаад явчихсан галзуугийн эмнэлэг л Монголын төро шиг байх вий дээ.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.