Friday, November 6, 2009

МОНГОЛ ҮСГИЙН ФОНТНЫ ТУХАЙ


Өнөө үед компьютерийг ашиглах асуудал хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ болон өргөжлөө.Компьютерийг зөвхөн өрөө тасалгааны үзмэр, тооны болон бичгийн машин, тоглоом тоглох зориулалтаар ашиглах явдал нэгэнт үеэ өнгөрөөн улиран одож, харин компьютеруудыг нэгдсэн нэг сүлжээнд (тухайлбал интернэт) холбосноор мэдээллийг асар богинохон хугацаанд солилцох боломжтой болов.

Мэдээллийн энэхүү сүлжээнд холбогдсон байнгын, тасралтгүй, найдвартай ажиллагаатай хүчирхэг серверүүдийн тоо улам бүр өссөн нь энэхүү сүлжээнд асар их мэдээллийг хадгалан бусдад түгээх боломж нээгдлээ. Үүнээс гадна электрон шуудан, электрон худалдаа, электрон харилцан яриа буюу хэлэлцүүлэг, мэдээллийн группууд зэрэг интернэтийн бусад үйлчилгээг мартаж болохгүй. Тэгэхээр ганц компьютер бол юу ч биш, харин нэгдсэн нэг сүлжээнд холбогдсон компьютер асар их боломжийг бидний өмнө нээж байна. Одоогоос яг 7 жилийн өмнө буюу 1997 онд болсон нэгэн эрдэм шинжилгээний хурал дээр нэгэн залуугийн тавьсан илтгэлийг санаж байна. “Би интернэттэй гэрлэмээр байна”. Иймээс нас болон мэргэжил харгалзахгүй бүх хүмүүс компьютер болон энэхүү мэдээллийн сүлжээг ашиглаж сурах явдал нэн тэргүүний зорилт болоод байна. Өөрөөр хэлбэл бидний урагшаа харж явах чиглэл бол энэхүү мэдээллийг сүлжээг эзэмших. Тэгэхээр зорилго тодорхой боллоо, ямар ч байсан. Өнөөдөр дэлхий дээр компьютерийн техник болон программ хангамжийн чиглэлээр Америкчууд тэргүүн эгнээнд явна. Хэдийгээр программ хангамжийн талаар энэтхэгчүүдийн олсон амжилтыг чамлахааргүй ч, үнэндээ Microsoft-ийн нийт программчдын 60 орчим хувь нь энэтхэгчүүд байгаа ч, Малайз, Тайван улсууд микропроцессорыг ургуулах талаар хэнтэй ч эгнэхгүй болсон ч бид өнөө л Intel-ийн микропроцессорыг, муу нэртэй ч Microsoft-ийн программуудыг ашигласан хэвээр л байна. Зүгээр сонирхуулж хэлэхэд өнөөдөр Microsoft-ийнхний мууг үзэх сонирхол программ жоохон оролдож, компьютер жоохон гадарладаг хүн бүрийн чинь хүсэл болоод байгаа ч энэ нь хүмүүс Microsoft-оос уйдаж байгаатай л холбоотой байх. Өөрөөр өнөөдөр хөгжлийг бид биш тэд авч яваа. Бид тэдний бүтээснийг хамгийн хялбар аргаар хурдан хугацаанд эзэмшсэнээр тэднээс аль болох хоцрохгүй явах нь чухал. Тэгвээс бидэнд хоёр боломж байна. Тэдний хийсэн болгоныг эх хэл уруугаа орчуулан хэрэглэх. Тухайлбал хятад, орос, япон улсууд шиг. Нөгөө нь ерөөсөө тэдний хийснийг шууд авч ашиглах. Бид өнөөг хүртэл 2 дахь чиглэлийг баримтлан яваа. Гэхдээ энд нэг зүйлийг тайлбарлахад хятад, орос, япон, герман зэрэг улсууд бол компьютерийн техник болон программ хангамжийг зохиогчдын хувьд манайхтай зэрэгцүүлэшгүй том зах зээл. Иймээс энэ зах зээлийг алдахгүйн тул ихэвчлэн тэд өөрсдөө өөрийн хийсэн бүтээгдэхүүнийхээ эдгээр улсуудад зориулсан хувилбарыг гаргаж байгаа. Харин манайхны хувьд бол ч, жишээ нь программ хангамжийн аварга том үйлдвэрлэгч Microsoft-ийнхон одоогоор монголчуудад зориулан нэгч программ зохиогоогүй л байна. Цаашдаа ч тэднийг өөрсдийнхөө хийсэн программын монгол хувилбарыг гаргахыг хүлээх найдлага үгүй л болов уу. Иймээс шаардлагатай гэж үзвэл тэдний хийсэн зүйлийг бид өөрөө л орчуулж, өөртөө зориулсан монгол хувилбарыг гаргах л ганц гарц байна. Гэтэл манай зах зээл жижиг учраас тухайн программыг орчуулсан хувилбарыг эргүүлэн зараад зарлагаа нөхөх магадлал муу, эцэст нь манайд орчуулсан программ нь оргиналь программаасаа муу гэсэн ойлголт дэндүү газар авсан тул бид одоог болтол дээрх хоёр чиглэлийн хоёрдохоор нь явж байгаа. Нөгөө талаар бидний аз болоход манай улс нь дэлхийн хамгийн хямд үйлдвэрлэгч улс болох хятадтай зэрэгцэн оршжээ (хятад нь өнөөдөр хамгийн хямдхан компьютеруудыг үйлдвэрлэдэг, программ хангамжийг хамгийн хямдаар хууль бусаар олшруулан тараадаг), эсвээс компьютерийн яг ийм мэдлэгтэйгээр, хармаандаа ийм мөнгөтэйгээр Европод хаягдчихаагүйн их юм. Ингээд дараах зүйл тодорхой боллоо. Компьютерийн нэгдсэн сүлжээг бүрэн боломжоор нь англи хэл дээр ашиглаж сурах. Гэтэл бидэнд одоо ганцхан бэрхшээл байна. Энэ бол монгол үсгийн фонтны асуудал. Одоог хүртэл энэ асуудал шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлын нэг хэвээрээ л байна. Гэтэл манай нийт хүмүүсийн тодорхой хэсэг нь (гар утас, компьютер, интернэтийн сүлжээг ашигладаг) аль хэдийн энэхүү асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэн кирилл үсгийг латин галиг уруу шилжүүлэн ашигласаар бараг 10-аад жил боллоо. Өөрөөр хэлбэл тодорхой хүрээний хүмүүсийн хувьд энэ нь ерөөсөө шинэлэг зүйл бус өдөр тутмын хэрэгцээ болсон байна. Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүнээс эхлээд төрийн түшээ сайд нар, албан хаагч, багш оюутан, тэр бүү хэл 10 жилийн хүүхдүүд ч хоорондоо электрон захидал, мессэж-ээр харилцах болон чатаар ярилцах бусад зүйлдээ энэхүү галигласан латин үсгийг ашиглаж байна. Ийнхүү латин үсгийг ашиглах нь дараах давуу талтай гэж ойлгож болно. Үсгийн фонтны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Өнөөдөр манайд Arial, Times New Roman Mon болон тэдгээртэй зохицдог бусад хэдхэн үсгийн фонтууд, тэдгээрт зориулан гаргасан гарын драйверуудыг (Оргил Тех, Бодькомпьютерийн г.м) ашиглаж байна. Эдгээр фонтууд нь график болон дизайнарын хувьд үнэхээр шаардлага хангахгүй хөөрхийлөлттэй дүрслэлтэй болох нь нийтэд илэрхий зүйл. Бидний компьютер ашиглан хийсэн зарим зүйлс бичгийн машинаар бичсэнээс ч хөөрхийлөлтэй харагдаж байдаг нь нууц зүйл биш. Бид өнөөдөр хэнээс ч дутуугүй хүчирхэг компьютер, программуудыг ашиглан байгаа мөртлөө тэдгээрийг ашиглан хийсэн зүйл маань төдийлэн санаанд хүрч чадаж байна уу? Өнөөдөр ихэнх албан байгууллагуудын хаяг латин үсгээр байдаг нь мөн л манайд ашиглагдаж байгаа монгол үсгийн фонтуудын чанартай зарим нэг талаараа холбоотой. Энэ асуудал ялангуяа график дизайнаруудын хувьд хүндээр тусаж байна. Сая сая гайхалтай дүрслэлтэй фонтууд байдаг. Харамсалтайн тэднийг ашиглах боломжгүй нөгөө л цөөхөн хэдэн фонтууд дундаа эргэлдсээр л. Энэ ч яахав шийдэж болох зүйл гэж үзье. Тэгвэл хэн ч өөрийн хийсэн зүйлийг хүнд үнэгүй ашиглуулах сонирхолгүй. Дээрх монгол үсгийн фонтуудыг ашиглахад зориулагдсан гарын драйверуудыг хийсэн компаниуд энэхүү гарын драйверуудыг ашиглаж байгаа байгууллагуудаас тодорхой хэмжээний татвар авах болсон нь ч үүнтэй холбоотой. Одоохондоо
энэ нь хэдхэн компаниудын хувьд л хэрэгжиж байгаа болохоос удахгүй нийтлэг зүйл болох нь дамжиггүй. Интернэтийн сүлжээг ашиглах асуудал улам хялбар болно. Юуны өмнө аливаа албан байгууллага, пүүс компани, хувь хүмүүс өөрсдийн хийсэн web хуудсандаа хэрэв таны фонт тохирохгүй бол тохируулга хийх хэрэгтэй гэсэн тайлбараас сална. Мөн электрон шуудан, чат болон бусад интернэтийн сүлжээг ашиглахад үсгийн фонтны талаар санаа зовох зүйлгүй болно. Мөн түүнчлэн өнөөдөр гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудтайгаа харилцах асуудал улам хялбар болно. Тэдний хувьд хийж бүтээсэн зүйлийнхээ тухай эх хэл дээрээ бичиж тэмдэглэх, захидлаар харилцах, монголын тухай шинэ сонин мэдээг интернэтийн сүлжээнээс хайж олж танилцах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгнө. Хэрэв бид энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж чадваас компьютер болон компьютерийн сүлжээг ашиглах асуудалд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд одоогоор манайд үсгийн фонттой холбоотой ямаршуухан бэрхшээл байгаа талаар авч үзье. Гэхдээ одоо би монгол үсгийн фонтын стандарт гэж яг аль стандартыг авч үзэх вэ гэдэгч юм уу асуудлыг шийдэх, эсвэл ямар нэгэн гарын авлага бэлдэхийг зорилгоо болгосонгүй. Учир нь би монгол үсгийн фонтны талаар өөрийн ямар байр суурьтай байгаа талаараа дээр өгүүлсэн. Харин өнөөдөр монгол үсгийн стандартын талаар ямаршуухан бэрхшээлүүд байгаа талаар л энд цухас дурдах гэсэн юм. Яг одоогоор манайд хоорондоо зохицдог, зохицдоггүй хэдэн арван монгол гарын драйверууд, түүнд зориулагдсан үсгийн фонтууд ашиглагдаж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө асуудал арай л хялбар байж. Манайд ашиглагдаж байсан хамгийн анхны монгол гарын драйвер нь parawin гэж нэрлэгддэг орос гарын драйвер, мөн орос үсгийн фонтуудад ө, ү үсэг нэмэх замаар бүтээсэн монгол үсгийн фонтууд байв. Энэ үед зохиогдсон монгол үсгийн фонтууд нь орос үсгийн фонт дээр шууд суурилагдсан боловч түүн дээр ө, ү үсгийг хэрхэн нэмсэнтэй холбогдож хоорондоо бас л бага зэрэг ялгаатай байсан. Тухайлбал тэр үед ашиглагдаж байсан bodoni болон arial mon 2 фонтыг харьцуулан харахад энэ талаар мэдэгдэнэ. Мөн тэр үед ямар нэгэн гарын драйвер ашиглах шаарлагагүй дан ганц монгол үсгийг агуулсан danzan төрлийн фонтууд ганц ирсэн. Гэвч энэ фонтыг ашиглаж байх үед англи үсэг ашиглахын тулд үсгийн фонтоо солих шаардлага гардаг, мөн гадуур энэ фонтны бүрэн бус хувилбар нь их тархсан (энэ хувилбар е үсгийн хувьд алдаа гаргадаг) гэсэн шалтгаанаас энэ фонт өргөн хэрэглэгээний фонт болж чадаагүй. Энэ үеэс Оргилтек компаниас тухайн үед нэлээд түгээмэл дэлгэрээд байсан arial mon, times new mon зэрэг фонтуудад зориулагдсан анхны гарын драйверыг гаргасан нь нийтэд дэлгэрч чадсан юм. 1997 онд Бодькомпьютераас taskbar дээр байрладаг анхны гарын драйверийг бүтээсэн нь зарим нэг талаараа Оргилтек-ийн гарын драйверийн муу талыг арилгаж чадсан, орчин үеийн стандартад нийцсэн анхны гарын драйвер болсон гэж үздэг. Энэ гарын драйверыг суулгах, устгахад хялбар, тодорхой хэмжээний нууцлалтай (суулгахад заавал нууц үг ашигладаг), дэлгэцэнд байрлах байрлал нь
taskbar тул ажиллахад ямар нэгэн саад болдоггүй, мөн хэлээ солихдоо 2 товчлуурыг хослуулан хэрэглэдэг (ctrl + shift эсвэл alt + shift-ийн алийг сонгохоо өөрөө шийднэ) зэрэг сайн талуудтайгаас гадна урд нь өргөн дэлгэрч амжсан Оргилтекийн гарын драйверийн ашигладаг бүх үсгийн фонтуудыг дэмждэг байв. Энд нэг зүйлийг нэмж тайлбарлахад ОргилТек-ийн гарын драйвер нь ерөнхийдөө Оросын гарын драйвер болон орос үсгийн фонтууд дээр суурилагдсан байсан бол Бодькомпьютерийн гарын драйвер нь кирилл үсгийн Windows 1251 стандартыг ашиглаж түүн дээр бяцхан засвар хийх замаар хийгдсэн тул нэгдсэн стандарт уруу нэг алхам ойртсон гэж үзэж болно. Гэхдээ л энэ нь албан ёсоор стандарт болж чадаагүй, алдаа ихтэй хэвээрээ л байв. Windows 2000, Windows NT зэрэг үйлдлийн системүүд шинээр гарч түүнийг өргөн хэрэглэх болсонтой холбогдон төрөл бүрийн гарын драйверуудыг шинээр зохиох болжээ. Ингэснээр манайх одоогоор хоорондоо зохицдог, зохицдоггүй, бүрэн гүйцэт, гүйцэт биш нь ч мэдэгдэхгүй хэдэн арван гарын драйверууд, баахан фонтуудтай л боллоо. Түүнээс гадна Unicode стандарт гарснаас хойш arial, times new roman фонтуудыг ашигладаг шинэ гарын драйверууд ч гарлаа. Эдгээр шинэ гарын драйверууд нь Unicode 3.0-оос өмнөх стандартыг ашигласан буюу arial, times new roman, arial narrow, fixedsys, tahoma зэрэг стандарт фонтуудыг ашигласан тул график, фонтны дизайнерын хувьд шинэ төвшинд гарсан, маш сайн болсон боловч ө үсгийн оронд ө, ү үсгийн оронд ү тэмдэгтийг тус тус ашигладаг. Өөрөөр хэлбэл ө, ү үсэг дутуу фонтууд болсон. Гэсэн ч удалгүй Unicode 3.0 стандарт гарснаар дээрх алдааг зассан шинэ гарын драйверууд ч гарлаа. Ёстой чөтгөр бүү мэд. Одоо бол баргын хүн будилахаар болоод байна. За ямар ч байсан Windows XP үйлдлийн систем нь Unicode 3.0 болон түүнээс хойших хувилбарыг дэмждэг тул монгол үсгийн стандартыг дэмжиж байгаа цорын ганц систем гэж үзэж болно. Энэ стандартын давуу тал нь ө, ү, ч, ю, я, е зэрэг үсгүүдэд гардаг байсан алдаануудыг бүгдийг засаж чадсан төдийгүй график, дизайнерын хувьд мэргэжлийн өндөр төвшинд хийгдсэн фонтуудтай гэж үнэлэгддэг. Муу тал нь Adobe Photoshop, Adobe Page Maker зэрэг Adobe-ийн программууд, Windows 95/98SE/ME/NT/2000 зэрэг үйлдлийн системүүд нь эдгээр үсгийн фонтуудыг буюу Unicode 3.0-ийг дэмждэггүй тул зайлшгүй тодорхой хэмжээний засварыг хийх буюу Unicode 3.0-оос хойших хувилбарыг суулгахыг шаарддаг. За ингээд өнөөдөр монгол үсгийн фонтны талаар учраад байгаа бэрхшээлийг тайлбарлах гэтэл сүүлдээ энэ маань бас л нэлээд ойлгомжгүй зүйл болчих шиг боллоо. Иймээс энэ бүгдийг тайлбарлахын тулд кирилл үсгийн стандартуудын талаар тодорхой ойлголт өгөх гээд оролдоод үзье. Одоогоор нийтэд дэлгэрсэн кирилл үсгийн стандартыг дараах байдлаар ангилж үзэж болно. ISO 8859-5 – European Computer Manufacture’s Association (ECMA)-гаас 1980-аад оны дундуур гаргасан кирилл үсгийн стандарт. Үүнээс гадна ISO 8859-1,2,3,15,16 латин болон зүүн, баруун, төв Европын улсуудад ашиглагддаг үсгийн фонтны стандартууд, ISO 8859-4, 13 балтик, ISO 8859-14 селтик, ISO 8859-10 нордик, ISO 8859-9 турк, ISO 8859-7 грек, ISO 8859-6 араб, ISO 8859-8 хэбрев, ISO 8859-11 тай үсгийн стандартуудыг эндээс гаргажээ. KOI8-R – Одоогийн Орос болон хуучин ЗХУ-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад өргөн тархсан кирилл үсгийн стандарт. Манайхан энэ төрлийн фонтуудыг нэг их ашигладаггүй учраас манайд төдийлөн тархаагүй. Харин ОргилТекийнхэн энэ стандарт дээр тулгуурлан өөрийхөө гарын драйверийг хийж байжээ. Windows 1251 – Microsoft-оос гаргасан кирилл үсгийн стандарт. Энэ стандартын үсгийн фонт нь Windows 1252 дээр кирилл үсгүүдийг нэмэх замаар үүсгэсэн codepage-ийг ашиглана. Codepage гэдэг нь үсгийн тэмдэгтүүдийг гарын тодорхой байрлалуудад тохируулан байршуулсан хүснэгт. Windows 1252 нь үндсэн латин үсгээс гадна Зүүн Европын орнуудад хэрэглэгддэг зарим нэмэлт үсгүүдийг агуулсан байна. Энд нийтдээ 128 тэмдэгт багтдаг. Үүн дээр тухайн улсын үсгийн тэмдэгтүүдийг нэмэх замаар төрөл бүрийн стандартын үсгийн фонтуудыг гарган авдаг. Жишээ нь: Windows 1252 + кирилл үсгүүд = Windows 1251 Windows 1252 + грек үсгүүд = Windows 1253 Windows 1252 + турк үсгүүд = Windows 1254 Windows 1252 + хэбрев үсгүүд = Windows 1255 Windows 1252 + араб үсгүүд = Windows 1256 Windows 1252 + балтик үсгүүд = Windows 1257 Windows 1252 + вьетнам үсгүүд = Windows 1258 г.м-ээр тухайн үсгийн codepage-уудыг үүсгэсэн байна. Одоо Windows 1251-тэй манай үсгийн фонтнууд хэрхэн зохицдог болохыг үзье. Хамгийн эхний Данзан төрлийн фонтнууд нь Windows 1252-д багтах латин үсгүүдийг дарж кирилл үсгүүдийг суулгах замаар хийсэн фонтнууд тул Данзан төрлийн фонтнууд нь Windows 1251 стандартад тохирдоггүй. Windows 1251-д хэдийгээр кирилл үсгүүдийг суулгаж өгсөн боловч манай ө, ү үсгүүд багтаж чадаагүй нь гол бэрхшээлийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Windows 1251 кирилл үсгийн стандартад манай ө, ү байхгүйгээр зохион байгуулагджээ. Иймээс энэ стандартад бага зэрэг засвар хийн өөрчилснөөр манайхан өөрсдийн үсгийн фонтуудыг зохион байгуулах болсон. Жишээ нь Arial Mon, Times New Roman болон тэдгээртэй зохицдог фонтууд нь Украйны 2 үсгийн оронд ө, ү үсгүүдийг сольж хийх замаар үүсгэсэн үсгийн фонтууд. Энэхүү ө, ү үсгүүдийг хийхдээ өөр үсгүүдийг солих замаар хийсэн Bodoni, Paragraph зэрэг өмнөх фонтуудаас зөвхөн ө, ү үсгээрээ ялгагдах өөр үсгийн фонтууд байдаг. Иймээс эдгээр нь нийтдээ Windows 1252 стандарттай тохирдоггүй. Энэ стандарт дээр суурилан Бодькосмпьютер өөрийнхөө гарын драйверийг хийж байжээ. ISO 10646-1 UTF-8 – Unicode консерциумаас гаргасан UTF-8 гэж нэрлэгдэх шинэ codepage-ийг ашигласан үсгийн стандарт. Энэ нь өмнөх үеийнхээ бүх үсгийн стандартуудыг өөртөө багтаасан нэг codepage-ийг ашиглах болсноор бусдаас давуу талтай болсон. Өмнөх codepage- ууд нь зөвхөн Windows 1252 дээр тухайн улсын үсгийн тэмдэгтүүдийг нэмэх замаар үүссэж байсан бол Unicode-ийн codepage нь илүү универсаль шинжтэй буюу бүх улсуудын үсгийн тэмдэгтүүдийг нэг хүснэгтэнд оруулж өгсөн сайн талтай. Өөрөөр хэлбэл Unicode-ийн codepage-ийн 0000-оос 01FF нүднүүдэд латин үсгүүдийг, 0300-оос 03FF нүднүүдэд грек үсгүүдийг, 0400-оос 04FF нүднүүдэд кирилл үсгүүдийг, 0500-оос 05FF нүднүүдэд хэбрев үсгүүдийг, 0600-оос 06FF нүднүүдэд араб үсгүүдийг г.м-ээр байршуулах замаар codepage-ийг үүсгэсэн. Unicode-ийн 3.0-оос өмнөх хувилбарт мөнөөх ө, ү үсэг мөн л орж чадаагүй. Иймээс энэ үсгүүдийг ө, ү тэмдэгтүүдээр орлуулсан монгол үсгийн фонтууд нэг хэсэг зохиогдох болсон ийм учиртай бөгөөд энэ үсгийн фонтуудыг нэгэн үе вэб хуудас хийхэд өргөн ашигладаг болсон. Unicode-ийн 3.0-оос хойших хувилбаруудад бидний гол бэрхшээл болоод байгаа ө, ү үсгийг нэмж суулгасан. Unicode 3.0-ийг Windows XP дэмждэг тул Windows XP дээрх кирилл үсгийн фонт нь ө, ү үсэгтэй гарч ирснээр жинхэнэ стандарт болж чаджээ. Ингээд үзэхнээ өнөөдөр албан ёсоор стандарт болж чадсан монгол үсгийн стандарт маань ганцхан Unicode 3.0 болон түүнээс хойших хувилбар болж чадаж дээ. Гэтэл Unicode 3.0 нь бидний бараг өөрсдийн стандарт болгохоо шахсан Arial, Times New Roman зэрэг фонтуудтай зохицдоггүй. Харин бидний хэрэглээд байгаа Arial, Times New Roman фонтууд нь оросын KOI8-R, Microsoft- ийн Windows 1252, Unicode зэрэг кирилл үсгийн аль ч стандарттай тохирдоггүй тул нэг бол бид үүнийгээ зүтгүүлсээр өөрсдөө оросуудтай адилхан өөр стандарттай болж авах (тэгвэл бид огт өөр замаар цааш замнах болно ☺ оростой адилаар), эсвэл одоо стандарт болоод байгаа Unicode-ийн стандартыг авч ашиглах (ингэвэл бид бусадтай адилхан нэг л стандартыг хэрэглэх болно) 2 зам байна. Бид нэгэнт өөрсдийн стандартгүй тул бусадтай зохицохын тулд Unicode-ийг сонгох нь арай дээр байж магадгүй. Тэгвэл бас л нэлээд бэрхшээл байна. Шинэ стандарт уруу шилжихийн тулд одоо гараад байгаа гарын драйверуудыг цэгцэлж Unicode-ийг дэмждэг гарын драйверуудыг албан ёсоор зарлан түүнийг үнэгүйгээр бусдад түгээх, хуучин ашиглагдаж байсан бүх фонтуудыг шинэ фонтууд уруу шилжүүлэх, хуучин ашиглаж байсан гарын драйверууд болон үсгийн фонтууд (Arial, Times New Roman Mon г.м)-ыг ашиглахгүй байх, тэдгээрийг ашиглан бэлтгэсэн материалуудыг шинэ фонтууд (Arial, Times New Roman г.м) уруу хөврүүлэх гээд ажил ч байна даа. Даанч хэн ч энэ талаар юу ч хийхгүй бахь байдгаараа байх байхдаа.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.