Thursday, November 5, 2009

“Хөлбөмбөгийн шидэт хүү” Кака


Хүйтэн, бас ширүүн бороо асгарна. Хоёр долоовор хуруугаа тэнгэр лүү заан, бурханд талархан гүйх “хөлбөмбөгийн шидэт хүү” Кака Италийн “АС Милан” багийг хоёр дахиа аварч буй нь тэр. Өнгөрөгч оны тавдугаар сарын 3-ны энэхүү дүр зураг хөлбөмбөг сонирхогч хүн бүхний сэтгэлд хоногшсон бөгөөд Рикардо Изексон дос Сантос Лейте буюу Кака хэмээх “Бразилийн төгс ноён”-г дэлхий даяараа шагшин магтаж, бишрэн шүтэх болсны утга учир ажгуу.

Кака Есүсийнх, өөр хэнийх ч биш! “I belong to Jesus” - “Би Есүст хамаатай”. Энэ үгсийг Какаг биширдэг, биширдэггүй сая сая хүн олонтаа харсан. Харсаар ч байх болно. Есүс ба Кака. Тэднийг хэн, эсвэл юу холбодог вэ? Итгэл. 12 настайдаа “бурхны хүү” болсон тэрээр “Би ямарваа зүйлийн тохиох, эс тохиохыг шийдэгч нь итгэл гэдгийг олж мэдсэн” гэж ярьдаг. Тиймээс ч хөлбөмбөгийн ертөнцийг Есүстэй “аймшиггүйгээр” холбосон Кака сүмийн найрал дуу хөгжимд дуртай нэгэн. Яагаад Кака “Би бурхных” гэж өөрийгөө тунхаглах болсон юм бол? Какагийн бөмбөг эзэмшилт, тоглолт удирдан чиглүүлэх, манлайлах, сул орон зайг харах, эцсийн мөчид зөв шийд гаргах энэ бүх авьяас бол гайхамшиг. Бүр байж болох хамгийн дээд түвшинд тоглодог гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч буй. Энэ ч чанараараа Францын амьд домог Зинедин Зиданы дараах “хөлбөмбөгийн онцгой үзэгдэл” гэгдэх болсон. Үнэхээр ч Кака хэмээх энэ нэр өөрийн эрхгүй бахархах, хайрлах, харамлах, басхүү үзэн ядах, үл ойшоох мэдрэмжийг төрүүлдэг нь үнэн. Кака хөлбөмбөгийн ногоон талбайд, Роналдиньо, Кристиано Роналдо нар шиг “бүжиглэх” нь цөөн.
Какагийн хувийн амьдрал Бразилийн ихэнх соруудаас тэс өөр. Ядуу зүдүү амьдралыг тэрээр эцэг эхийнхээ ачаар “амссангүй”. Сэтгэл хангалуун, халуун дулаан уур амьсгалтай, боловсон, боловсролтой гэр бүлд төрж өссөн тэрээр эх хүн бүрийн мөрөөдлийн хүү. Ухаан орсон цагаасаа л хэзээ ч хуулиас гадуур хэрэг төвөгт ороолцолдож байгаагүй тэрээр “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин” болохоо төсөөлөх байтугай зүүдэлж ч байсангүй. Даруу төлөв, тусархуу, хүнлэг зан чанар нь ойр тойрныхныхоо ¹1 хайртай хүн нь байх хүндлэлийг авчирсан юм.
1982 оны дөрөвдүгээр сарын 22-нд Бразилийн нийслэл Бразилиа хотод төрсөн ч долоон настай Кака эцэг эхийнхээ хамтаар Сан Пауло хот руу шилжин суурьшжээ. Какад үеийнхнээсээ “цойлох” онцгой зүйл байсангүй. Бусдын л адил гудамжинд хөлбөмбөг тоглож, өдөр өдрөөр түүндээ дурлах боллоо. 15 нас ч хүрлээ. Өдрийн зугаа нь байсан хөлбөмбөг амьдрал нь болсныг ухамсарлав. Басхүү дунд сургуулиа хаях ёсгүйг ч ухаарав.
Гурван жил өнгөрлөө. Гэвч хөлбөмбөгийн бурхан түүнд тийм амар гар сунгасангүй ээ. Усан санд сэлж байхдаа нуруундаа гэмтэл авсан тэрээр дахин хэзээ ч талбайд гарахгүй нь гэж сэтгэлээр унаж байсан нь ердөө долоохон жилийн өмнө. Гэтэл өгөөмөр Бурхан гараа нэгэнтээ сунгаж. “Тэр үед Бурхны гарт аврагдсан гэдгээ ойлгосон” гэж Кака өдрийн тэмдэглэлдээ мутарлав. Тэрхүү ухаарал эсрэг багийнхаа хаалгыг гоолоор мялаах бүрдээ долоовор хуруугаараа тэнгэр лүү заан, авралт бурхандаа талархаж, түүнд итгэх итгэлээ хэзээ ч алдаагүй байгаагаа илэрхийлэхэд хөтөлсөн ажгуу.
2001 онд хөлбөмбөгийн ногоон талбайдаа эргэн ирлээ. Сан Пауло хотын өсвөрийн багаас насанд хүрэгчдийн багт тоглох болсон тэрбээр 2002 оны нэгдүгээр сарын 31-нд Боливиа улстай хийсэн тоглолтод оролцсон нь төрөлх улсынхаа төлөөх анхны тоглолт байлаа. Тоглолт үзсэн хүн бүр л “зогсоошгүй” тэр Какаг анх харсан юм.
2002 оны зугаадугаар сар. Кака Сан Пауло багтай тоглож, Бразил түмний бахархал, хайртай хүү болоод байсан ч, Япон-Солонгост болсон "Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д шигшээ багийнхаа гарааны арван нэгт багтсангүй ээ. Энэ юу өгүүлнэм? Бразилийн дундаршгүй авьяастнууд Роналдиньо, Ривалдо, Роналдо гурвын ид оргил үед Какад орон зай олдоогүй нь тэр. Кака хэн хэнийх нь байрлалд тоглож чадах ч Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Луиз Фелипе Сколари “алтан боломжийг” түүнээс “хулгайлсаар”. Гэвч Сколари “Кака, Кака” хэмээн зогсоо зайгүй дуудах олон зуун хөгжөөн дэмжигчдийн уухай түрлэгт нэгийг бодсоны илрэл, Какаг Коста Рикагийн шигшээ багтай хийсэн тоглолтод 19-хөн хором тоглуулсан явдал байлаа. Тэр жил Бразил аваргын төлөө Германтай үлдсэн билээ. Гараа өргөн хажуу шугам дээр зогсох Какаг шүүгч хараагүй дүр эсгэж, тоглолтод оролцуулаагүй гэдэг. Гэвч хэн ч дэлхийн аваргын алтан цомыг үнсэх эрхийг Какагаас “хулгайлж” чадаагүй юм.
Нэг жил өнгөрлөө. Сан Паулод ч тэр, Миланд ч тэр өөрийн хувь нэмрээ оруулж чадсан Бразилийн бас нэгэн авьяас Леонардо, Какад Италид, тэр тусмаа Миланд суурьшихыг зөвлөхийн зэрэгцээ ятгалаа. Кака эргэлзсээр. Английн “Челси” багт тогломоор санагдсан ч Оросын тэрбумтан Роман Абромович “Манай багт тоглохыг хүсвэл, эхлээд ЦСКА-д нэг жил тоглочих” гэж сайрхлаа. Кака Европт тоглохыг хүссэн нь үнэн. Гэхдээ хөлбөмбөгийн хөгжил нь Итали, Испани, Англи, Германы түвшинд хүрэхгүй Орос улсад тоглоно гэдэг авьяасаа хөсөр хаяснаас ч долоон дорд тооцогдох байв. Тиймээс “АС Милан” багтай 2003 оны зун гэрээ хийлээ. Энэ үед Кака Сан Пауло багтаа 131 тоглолтод оролцож, 48 гоол хийгээд байсан юм.
Европт нэрээ мөнхлөхөд Какад ганц баг, ганц жил л хангалттай байж. “АС Милан”-ы амьд домог Малдини, Украины баатар Шевченко… Тэд бол Какагийн амжилт, алдар нэрийг хуваалцах эрхэмүүд. 2004 онд Миланчууд түүхэндээ 17 дахь удаагаа Италийн аварга болсон. 2007 онд Европын аваргуудын лигийн аварга 7дахь удаагаа болж, цомоо өргөн баярлах Кака одоо ч нүднээ харагдах.
“Тэр туйлын тайван, дөлгөөн хүү. Тэр хэзээ ч гуньж гутарч, бас онгирч сагсуурдаггүй. Үнэндээ тэр маш гайхалтай дотоод хүч чадалтай. Түүнчлэн, амжилт, алдар нэрдээ толгойгоо мэдүүлэх тийм ямар нэгэн “аймшиг”-ийг түүнээс хэзээ ч олж харахгүй. Тэр бол агуу ялагч” гэж “АС Милан” багийн дасгалжуулагч Карло Анчелотти ямагт хэлдэг. Довтлогчийн ард, италичуудын хэлдгээр trequartista буюу хагас бүтээгч, хагас довтлогчийн байрлалд тоглодог Кака ихэнхдээ л гоолын дамжуулалтыг өгдөг, түүнчлэн, төгсгөлийг ямагт төгс хийдгийн хувьд мянга мянган хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн хайр, хүндэтгэлийг хүлээдэг юм.
Какагийн олныг гайхшруулдаг зүйлсийн нэг нь хөдөлгөөн, гүйлт дундаа техникийн гайхамшиг, бүрэн хяналт дор бөмбөг эзэмшилт ч гэдэг. 26 настайдаа Кака Европ болон Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Европын аваргуудын лигийн шилдэг довтлогч, шилдэг тоглолтын найруулагч гээд авч болох бүх шагналыг 2007 онд гардсан. Түүнд аваагүй ганцхан шагнал л бий. “Тэр бол Олимпийн аваргын алтан медаль” гэж Кака ярьж байна. Бээжингийн Олимп болоход багахан хугацаа үлдэж байна. Кака гурван сарын дараа алтан медаль энгэртээ гялалзуулан зогсохыг нь харах сая сая хөлбөмбөг сонирхогчид тэсч ядан хүлээж буй биз ээ.
Иймээс Америкийн алдарт “Тайм” сэтгүүл 2008 оны “Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүн”-ий нэгд Какаг оруулахгүй байхын аргагүй ээ.
Блиц
Бүтэн нэр: Рикардо Изексон дос Сантос Лейте
Төрсөн он, сар, өдөр: 1982.04.22
Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч, хоёр дахь довтлогч
баг: Сан Пауло /Бразил. 2001-2003/
АС Милан /Итали. 2003-2009/
одоо испаний Реал мадрид клуб-д тоглож байгаа
Өмсгөлийн дугаар: 8 /төрсөн өдөр/

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.