Thursday, November 5, 2009

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин


Францын алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданыг мэдэхгүй спорт сонирхогч байхгүй. Үнэхээр ч Зидан, түүхэн гавьяа байгуулсан нэгэн. 1998 онд Францад болсон Дэлхийн Аваргыг санахад л уншигчдын ой тоонд дурайтал орох биз. Зидан, зодог тайлаад нэг жил өнгөрсөн ч нэрийг нь сонссон хүн хүндэтгэхгүй, бас бахархахгүй байхын аргагүй. Өдгөө зургаан жил өнгөрчихөөд байхад ч, Францын амьд домог маань “Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин” хэвээр байгаад гайхах зүйл байхгүй ээ.


Зиданыг Зизу гэж ихэд элгэмсэг дууддаг билээ. Уншигч та бүхний өмнө Зизугийн хэрхэн Гиннесийн номд мөнхөрсөн түүхийг дэлгэж байна.
2001 оны зун энэ түүх эхэлсэн. Зизу, италийн “Ювентус” клубт 6 жил тоглохдоо Туринчууд төдийгүй италичуудын бахархал болж, Аваргуудын Лигийн аваргаас бусад авч болох томоохон шагналуудын эзэн болсон үе. 1998 оны аваргуудын лигийн түрүүг авч чадаагүйдээ маш их сэтгэлээр унаж, зөвхөн өөрийнх нь буруугаас болсон юм шиг толгой гудайж, зүрхэндээ харамсал тээж, эх нутагтаа буцаж ирснээ Зизу гунигтайхан дурссан байдаг. Үнэхээр ч, Ювентус Зизугийн хувьд, хамгийн гайхамшигтай тоглолтуудыг үзүүлж, “Дэлхийн Шилдэг Хөлбөмбөгчин”-өөр 1998, 2000 онд тодорсон он жилүүдээ хуваалцсан клуб нь. Харин 2001 онд Зизугийн “гайхамшиг”, “ид шид”-ийн тоглолтууд нь гарч өгсөнгүй. Тиймээс сэтгэл санаагаар унасан тэрбээр багийнхаа удирдлагуудтай таарамж муутай болсон нь багаа солиход хүргэжээ.
2001 оны хавраас Зизу, Ювентусыг орхих бодолтой байгааг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн шүүрэн авч, нийтэлсэн нь мэдээж. Дор бүрнээ, алдарт Зизу аль багт очиж тоглож болохыг дэвшүүлэн, хэчнээн сая фунт стерлинг, евро, аль эсвэл долларын үнэ хүрэх талаар таамаг дэвшүүлэх болов. 2000 онд 37 сая фунт стерлинг хүрч байсан Португалийн Луиш Фигүгийн дайнд хүрэх болов уу? Илүү гарах болов уу? Хэвлэл мэдээллийнхэн ч тэр, хөлбөмбөгийн хорхойтнууд ч тэр, энэ бүх асуултад хариу авахыг тэсч ядан хүлээж байлаа. Гэтэл, Реалын ерөнхийлөгч Флорентино Перез, алдарт Зинедин Зиданыг багтаа элсүүлэх хүндхэн даалгаврыг клубийн менежертээ өгсөн байж.
Перез бол сарвайснаа авч байж л салдаг хүн. Жилийн өмнө гэхэд (2000 онд) тухайн үед, дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин гэгдэж байсан Луиш Фигүг “Барселона”-гаас худалдан авахдаа баталсан. Фигүг багтаа элсүүлсэн ч, түүний сэтгэл ханасангүй. Тиймээс, дахин нэг, гэхдээ одоогоор эцсийн рекорд тогтооход бэлэн байж.
Ювентусын ерөнхий менежер Лусиано Могги, үнэхээр Зизуг харамласан уу, эсвэл, түүнийг үнэд хүргэхийг хүсэж байв уу? “Яагаад, Зинедин Зидан Ювентусыг заавал орхино гэж? Гэвч хариулт нь их энгийн” гээд, “Зидан багаа орхих хүсэлтэйгээ илэрхийлсэн нь үнэн. Перез, түүнийг Мадридад аваачихыг маш их хүсэж байгаа болохоор” гэж ярьж байв.
Моггид, Перезийн эсрэг хэлэх үг байсангүй ээ. “Перез бол нөхцөл байдлыг ямагт хурцатгахыг оролддог хэцүүхэн хүн. Луиш Фигүг багтаа элсүүлэх гэж байхдаа, тэр ямар аймшигтай зан авир гаргаж” байсныг санаад тэр.
Ийнхүү Зидан Реал Мадридтай гэрээ хийхээс өмнө дэлхийн хэвлэл мэдээллийнхний өдөр тутмын сэдэв болсон байлаа. Зиданы эхнэр испани гаралтай болохоор төрсөн нутагтаа амьдарч, хүүхдүүдээ өсгөх сонирхол ихтэйг хэвлэлийнхэн бичихээ мартсангүй ээ. Дээрээс нь, Зиданы “сүүлийн 3 улиралд амжилт муутай тоглож, түүндээ сэтгэл хангалуун бус байгаа” болохоор багаа орхих шаардлагатай ч гэж ятгаж байв. Тоглолт нь орохгүй, шүтэн бишрэгчид болоод мэргэжилтнүүд түүний гайхамшигтай хууралт, бөмбөг залалт, дамжуулалт, бусад үзүүлж чадах бүх техникийг харах нь бараг нүдний гэм болоод байсан ч Ювентус “үнэт эрдэнэсээ” алдахыг хүсэхгүй хэвээр.
Зиданы төлөөлөгч Алаин Миглассио, “Үлдэхийг хүсэхгүй байхад нь Зиданыг бариад байх сонирхолтой Ювентусыг ойлгохгүй юм. Шийдвэр нь аль хэдийн гарчихсан байтал хүлээж авахгүй байна” гэж Испанийн өдөр тутмын “Marca” сонинд 2001 оны зургадугаар сарын 22-нд өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Могги, Marca-гаар толгойлуулсан Испанийн хэвлэл мэдээллийнхэнд, “Төлөөлөгчид болоод радио сувгууд Зиданыг Испанид аваачихыг маш их оролдож байна. Харин тэр явах гээгүй байна” гэж байсан ч, хэдхэн цагийн дараа гэхэд, Зизугийн “наймааны” тухай ам ангайсан нь 6-р сарын сүүлийн долоо хоногт “шийдвэрлэх алхамдаа шилжсэн”.
Моггигийн үнэлснээр, тэдэнд “Зидан 70 сая фунт стерлингийн үнэтэй” байв. “Үүнээс багагүйг санал болгосон цагт л бид ярилцаж эхэлнэ. Реал бидэнд 35 саяыг төлнө гэж байгаа тухай би уншсан. Гэхдээ тэд, Зиданыг авъя л гэж хүсэж байгаа бол, санал болгосон үнээ хоёр дахин өсгөх хэрэгтэй”.
Энэ зуур хоёр ч зүйл тохиолоо. Зизу, Реалд очих хүсэлтэйгээ илэрхийлчихээд, Тахитид гэр бүлээрээ амрахаар явсан ч, фото зурагчид, сэтгүүлчид амар тайван байлгасангүй. Мөрийг нь алдахгүй мөшгиж, Реалын тухай эцэс төгсгөлгүй асуултаар булж байлаа. Угийн бүрэг, ичимтгий, зожиг хөлбөмбөгчин нүүр буруулсаар. Харин “Ювентус” клуб, “Парма” багаас Жанлиужи Буффоныг, Лилиан Тьюрам гээд хэд хэдэн шилдэг тоглогчидтой ашигтай гэрээ хийж амжив.
Гэтэл тэднийг элсүүлэхдээ зарлагдсан мөнгөө Зиданыг “худалдсанаар” олно гэж тооцоолсныг хэн ч мэдсэнгүй ээ.
2001 оны долдугаар сарын 3-нд Перез, Италид ирж, Моггитой 45.62 сая фунт стерлингээр гэрээ хийсэн нь тэр. Гурван өдрийн дараа, Могги ялалтаа тэмдэглэж, харин Зиданд, гэр бүлийнх нь аз жаргалыг нь тасалдуулж ирсэн утасны дуудлага дэлхийн түүхэнд “хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин” болж, “Гиннесийн ном”-д бичигдэх үнэтэй байжээ.

0 comments:

Post a Comment

 
Cheap Web Hosting | Top Web Hosts | Great HTML Templates from easytemplates.com.